Манай хамгийн шилдэг оюутан шавь нар маань бодол саналаа нийтгэн байж, монгол утга соёлын “Өлзий” нэгдлийг үүсгэн байгуулсан билээ. Тэдний оюун санаа, зүрх сэтгэд чухам ямархан очис харван цахилж, өнөөдөр ямархан гал дүрэлзэн буйг хэн ч тааварлаж эс мэднэ. Нэг л өдөр ийм санал сэдэл буйгаа өчиглөж, зарим тус дэм хүссэн сэн. Анхлаад эрдэм шинжилгээний ажлын арга зүйн зөвлөгөө өгөхийг гуйсан юм. Нэг л мэдэхэд тэд энэ уудам орны газар газрын залуус ахан дүүс шиг нөхөрлөж, өнөө цагийн аварга их нүргээн дунд эх болсон соёлоо хэрхэн хадгалан хамгаалах, хайрлан дээдлэхийн чухлыг эс бүхнээрээ мэдрэн,өдөр шөнө хэзээ ч гэсэн уулзан ярилцаж, санал бодлоо солилцож байдаг бололтой юм. Энэ бол цаг үеийн дуудлага ч байж магад. Монгол эхийн бүүвэйн дуу, өвөг дээдсийн сүлд онгод, монгол соёлын далдын нэгэн хүрхрэл тэднийг дуудан сэрээсэн юм болов уу даа. Оюутан бaйхаа болиод л, ажил амьдралын нугачаанд ормогцоо орхих байх гэсэн ч тэд тэгсэнгүй. Өмнөх төгсөгчидтэйгээ нийлж аваад цааш нь үргэлжлүүлдэг юм байна. Урьд өмнө ингэж байхыг дөчөөд жил энэ их сургуулийн багш байхдаа би үзэж хараагүй юм байна. Миний хүүхдүүдийг юу дуудсан юм бол?