2011/12/05


ЗАРЛАЛ

Монгол Улсын Их Сургуулийн "Нүүдлийн соёл
иргэншил судлалын төв"-ийн 
Монгол утга соёлын "Өлзий" нэгдлийн цуврал 
хэлэлцүүлэг, профессор С.Дуламын удирддаг "Монгол соёлын судлал" судалгааны ээлжит семинар:


Бээжингийн Төвийн Үндэстний Их сургуулийн профессор Ва.Сарангэрэл 

"БНХАУ дахь монгол ёс заншлын судалгаа" 
сэдвээр


Хаана: МУИС-ийн хичээлийн II байрны №352 тоотод
Хэзээ:  2011.12.08-ны 16 цагт

 Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2011/07/03

Соёл, оюуны дархлаа гэж үнэ цэнтэй зүйл байдгийг бид умартсан шиг байна

Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам
МУИС-ийн МХСС-ийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламтай ярилцлаа.
Сайхан хаваржиж байна уу, та? Тэр нэг жил Францын “Мянган найрагчийн шугуй”-д мод тарьсан анхны Монгол хүмүүс нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай та хоёр байсан гэдэг. Хаврын ийм сайхан өдөр ярилцлагаа энэ дурсамжаас эхэлмээр санагдлаа.
Ажлын далимаар франц зохиолчидтой уулзах үед тэр хэд маань зохион байгуулаад “Мянган найрагчийн шугуй”-даа мод тариулж байлаа. Тэнд зөвхөн мод тариад зогсохгүй, Францын болоод олон улсын яруу найрагчид шүлэг найргаараа мялааж, тэдэнд гэрчилгээ олгодог юм.  Францын төв цэг болсон Весдэн хотод уг шугуй бий.
Таны шүлэг, найргийг уншиж байхад Франц орон, тэр дундаа Парис хот танд их онцгой сэтгэгдэл төрүүлсэн шиг санагддаг?
Социализм ид хүчтэй байхад Франц руу явсан. Тэнд би Монгол хэл, соёлоо заах үүрэгтэй ч далд нэг хичээнгүйлэл байсан нь энэ орны соёл иргэншилтэй чадлынхаа хэрээр танилцах. Би далдыг хардаг Далай лам биш болохоор Монгол орон эргээд ийм эрх чөлөөтэй болчихно гэж тухайн үед итгээгүй хэрэг. Тиймээс завтай өдрөө хагас, бүтэн сайныг ер алгасахгүй хүүхдүүдээ дагуулаад, “Michelin green guide”-аа бариад л аялдаг байлаа. Уг номд Францын сонирхолтой газруудыг таван хошуугаар зэрэглэсэн байдаг. Энэ бол цэвэр өрнийн соёл иргэншлийн өлгий газартай танилцах, өрнөдийн ертөнц гэж юу юм бэ гэдгийг таньж мэдэх эрмэлзэл байсан. Тэр үеэс л яахаараа манай орон заавал нэг намтай байдаг юм, эдэн шиг яагаад ийм олон янзын намтай, болох болохгүйгээ харилцан яриад, үнэн зөвийг нь тунгааж  болдоггүй юм бэ гэдэг бодол аяндаа орж ирсэн. Тэр цагийн, муу үгээр хэлбэл хөрөнгөтний нөлөө, нөгөө талаас нь харвал нүдний цагираг тэлж байгаа хэрэг. Хамгийн гол нь яруу найрагч хүнийхээ хувьд Францын яруу найраг надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Францын яруу найраг дотроо орчин цагийн модернист найрагчдын эцэг гэгддэг Шарль Бодлер, араас нь Артур Рембо, Гийом Аполлинер нарын шүлгийг эх хэлээр нь унших ер бишийн завшаан оногдсон. Энэ бүхэн мэдээж миний яруу найрагт нөлөөлсөн. Франц явахаас өмнө бичиж байсан шүлгүүд, тэнд байхдаа бичсэн шүлгүүдийг хүмүүс их тодорхой ялгаж хэлдэг юм.

2011/04/30

Хүдэй сэцэний шүлгийн түүхэн үндэс, уран сайхны онцлог[1]


Докторант Г.Баттогтох
Монголын эртний уран зохиолын ай савд хамаарах нэгэн шүлэг хийгээд уг шүлгийг хэлсэн шүлэгчийн талаар энд өгүүлэхийг зорьсон билээ. Энэ шүлэг нь Лувсанданзаны “Алтан товч” хэмээх түүх, уран зохиолын дурсгал бичгээр уламжлан ирсэн ба Алунгоо эхийн домгийн адил эе эвийн хүчний тухай зохиол юм. Уг шүлэгт Хүдэй сэцэний зүгээс Амбагай хааны хөвгүүдийн эе эвгүй байдлыг ан гөрөө хийгээд авын ганзагаа хуваалцахдаа хүртэл эвдрэлцэж байдгаар тодруулан өгүүлж шүлэглэжээ. Тус шүлгийг эрдэмтэн Ч.Хишигтогтох, С.Дулам, Д.Заяабаатар нар судалж зарим ажиглалт хийсэн байна. Тухайлбал: Судлаач Ч.Хишигтогтох “энэ шүлэгт Хүдэй сэцэн бээр Хабул хааны долоон хөвгүүдийн нэгдэж бүлгэмдэж явдаг шилдэг сайхан зан чанар болон Амбагай хааны арван хөвгүүдийн эвдэрч дайсагналцаж явдаг шившигт муухай зан чанарыг харьцуулан дэлгэж шүлэглэжээ[2] гэсэн бол МУИС-ийн профессор С.Дулам: Амбагай хааны хөвгүүд ямар ч том олзыг (хулан чихтэй г.м) хуваан хүртэж чадалгүй эв түнжин эвдэрдэг бол Хабул хааны хөвгүүд өчүүхэн жижиг олз хишгээр (туулай, хяруул г.м) ч болов бие биесээ хүндлэн дайлалдаж чадах эетэй найртай ажгуу.

2011/04/10

Дэлхийн нэгэн сайхан хэл – монгол хэл минь


Энэ хүн төрөлхтний 26 овог язгуурын, 6900 хэлнээс Бурхан бидэнд ямар ч сонголтгүйгээр оноон өгсөн алтай язгуурт эх хэлнийхээ тухай, энэ эх хэлээрээ илтгэл тавих зол завшаан надад оногдлоо. XVI зууны үед дэлхий дээр 14000 орчим хэл байсан гэдээгр багцаалж үзвэл Бурхан бидэнд нэг түм дөрвөн мянганы нэгийг л үг дуугүй оноон хуваарилсан байна. Бурханы энэ сонголтоос одоо бид зайлж гажих гээд сайн сайхан юманд хүрэхгүй нь илэрхий байна. Оросын суут зохиолч Ф.Достоевскийн “Кармазовын хөвүүд” зохиолын нэгэн баатар Иван Кармазовын үгээр бол хүмүүн төрөлхтний “үүрд ялан дийлж чадах гурван хүч, ердөө гуравхан хүч хорвоо дээр бий, эдгээр гурван хүч бол: гайхамшиг, нууц, нэр хүнд гурав болно” [Достоевский 2008. 349][1]. Тэгвэл миний монгол хэлэнд энэ гурван хүч аль аль нь бий гэдгийг, тэр дундаа монгол хэлний гайхамшгийн тухай энд ярих гэсэн юм. Тэгвэл эх хэлний маань нэг дэх гайхамшиг нь аугаа их соёлт Энэтхэг түмний Брахмаа, Вишнүү тэнгэрсийн болон хүн төрөлхтний гайхамшигт сэтгэгч Будда, Махавирагийн хэл болох “самгарди” хэмээн монголчууд нэрлэдэг, “лэгжаржи гад” (сайтар найруулсан хэл) хэмээн төвдүүд цоллодог санскрит хэл “мөхсөн хэлний” тоонд орсон байхад миний монгол хэл амьд, яриа, бичгийн хэл хэвээр хэрхэн үлдэж чадаа вэ гэдэг хэн ч сөхөж тавьдаггүй нэгэн асуултад оршино.