Манай хамгийн шилдэг оюутан шавь нар маань бодол саналаа нийтгэн байж, монгол утга соёлын “Өлзий” нэгдлийг үүсгэн байгуулсан билээ. Тэдний оюун санаа, зүрх сэтгэд чухам ямархан очис харван цахилж, өнөөдөр ямархан гал дүрэлзэн буйг хэн ч тааварлаж эс мэднэ. Нэг л өдөр ийм санал сэдэл буйгаа өчиглөж, зарим тус дэм хүссэн сэн. Анхлаад эрдэм шинжилгээний ажлын арга зүйн зөвлөгөө өгөхийг гуйсан юм. Нэг л мэдэхэд тэд энэ уудам орны газар газрын залуус ахан дүүс шиг нөхөрлөж, өнөө цагийн аварга их нүргээн дунд эх болсон соёлоо хэрхэн хадгалан хамгаалах, хайрлан дээдлэхийн чухлыг эс бүхнээрээ мэдрэн,өдөр шөнө хэзээ ч гэсэн уулзан ярилцаж, санал бодлоо солилцож байдаг бололтой юм. Энэ бол цаг үеийн дуудлага ч байж магад. Монгол эхийн бүүвэйн дуу, өвөг дээдсийн сүлд онгод, монгол соёлын далдын нэгэн хүрхрэл тэднийг дуудан сэрээсэн юм болов уу даа. Оюутан бaйхаа болиод л, ажил амьдралын нугачаанд ормогцоо орхих байх гэсэн ч тэд тэгсэнгүй. Өмнөх төгсөгчидтэйгээ нийлж аваад цааш нь үргэлжлүүлдэг юм байна. Урьд өмнө ингэж байхыг дөчөөд жил энэ их сургуулийн багш байхдаа би үзэж хараагүй юм байна. Миний хүүхдүүдийг юу дуудсан юм бол? Тэднийг энэ дуудлага өдөр ч, шөнө ч амруулахгүй, өглөө ч, үдэш ч унтуулахгүй байгаа бололтой. Хэн нэгэн чанга зандраад юм уу, хясаж боогоод тараачхаагүй бололтой. Та нар минь, монгол соёлынхоо ангир шар уургийг шимж өссөн ариун гарвальтай, цэвэр тунгалаг ёс суртахуунтай, буурч сааршгүй эрч тэмүүлэлтэй, буцаж няцашгүй чин зоригтой, тийм болохоор манай эрин цагийн өнгө жавхаа нь, ирээдүйн улирлын ер бус гайхамшиг нь гэдэгт би итгэж байна. Та нарын энэ эрмэлзэн тэмүүлээд байгаа зүйл рүү, хүн төрөлхтний хошуу эргэнэ гэдэгт ч итгэж байна. Өөрсдийнхөө бүтээсэн “төмөржин цуурай”-аас залхана гэдэгт, хүмүүний оюун сэтгэлийн хамгийн далд эмзэг, цэвэр ариухан мөн чанарт эргэн тэмүүлнэ гэдэгт итгэж байна. Тэр цагт та нарыг минь Хүн овгийнхон хотлоороо шимшрэн ухаарч, үнэлэн биширнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та нарын энэ үйлс бол Хүн овогтонд Хүмүүнийг нь буцаан өгөх аугаа их үйл хэрэг юм шүү гэж л хэлье дээ. Хүн Танд хүмүүнийг эгүүлнэ.
Багш нэрийг зүүгч С.Дулам
2011 оны гуравдугаар сарын 31
Сайн сайхныг хүсье.
ReplyDeleteЭнэ бүхэнд сэтгэл харамгүй тусалсан Танд баярласан шүү, Баясаа эгч ээ. Танд ч гэсэн сайн сайхныг хүсье
ReplyDelete