2011/04/30

Хүдэй сэцэний шүлгийн түүхэн үндэс, уран сайхны онцлог[1]


Докторант Г.Баттогтох
Монголын эртний уран зохиолын ай савд хамаарах нэгэн шүлэг хийгээд уг шүлгийг хэлсэн шүлэгчийн талаар энд өгүүлэхийг зорьсон билээ. Энэ шүлэг нь Лувсанданзаны “Алтан товч” хэмээх түүх, уран зохиолын дурсгал бичгээр уламжлан ирсэн ба Алунгоо эхийн домгийн адил эе эвийн хүчний тухай зохиол юм. Уг шүлэгт Хүдэй сэцэний зүгээс Амбагай хааны хөвгүүдийн эе эвгүй байдлыг ан гөрөө хийгээд авын ганзагаа хуваалцахдаа хүртэл эвдрэлцэж байдгаар тодруулан өгүүлж шүлэглэжээ. Тус шүлгийг эрдэмтэн Ч.Хишигтогтох, С.Дулам, Д.Заяабаатар нар судалж зарим ажиглалт хийсэн байна. Тухайлбал: Судлаач Ч.Хишигтогтох “энэ шүлэгт Хүдэй сэцэн бээр Хабул хааны долоон хөвгүүдийн нэгдэж бүлгэмдэж явдаг шилдэг сайхан зан чанар болон Амбагай хааны арван хөвгүүдийн эвдэрч дайсагналцаж явдаг шившигт муухай зан чанарыг харьцуулан дэлгэж шүлэглэжээ[2] гэсэн бол МУИС-ийн профессор С.Дулам: Амбагай хааны хөвгүүд ямар ч том олзыг (хулан чихтэй г.м) хуваан хүртэж чадалгүй эв түнжин эвдэрдэг бол Хабул хааны хөвгүүд өчүүхэн жижиг олз хишгээр (туулай, хяруул г.м) ч болов бие биесээ хүндлэн дайлалдаж чадах эетэй найртай ажгуу.

Чингис хааны элэн эх Алан гоогоос уг сурвалжтай монгол угсаатны төрт ёсны сургаалийн амин сүнс болсон эе эвийн хүчний тухай эши сургаалийг Хүдэй сэцэн ийн шүлэглэжээ[3] гэсэн байна. Монголын уран зохиолын түүхийн (цаг хугацааны хувьд) эхэн үеийн шүлэг, домгийг ажиглахад өнгөн бүтэцдээ эе эвийн хүчийг ухуулан сэнхрүүлсэн, дан сургаал номлолын аястай мэт харагдавч гүн бүтцийн хувьд  ХҮН-БАЙГАЛЬ-ЦАГ ХУГАЦАА-ОРШИХУЙ-н тухай нүдэнд үл үзэгдэх далд харилцааны уг учрыг өгүүлсэн байдаг. Хүдэй сэцэний шүлгийн төгсгөл хэсэгт:
Та, Амагай хааны арван хөвгүүд
Авир зан тань муу
Аху албат харцас болох та.
Тэд Хабул хааны долоон хөвгүүд
Эе эвтэйн хүчинд
Хамгийн хаан улсын эзэн болмуй за
гэжээ. Энэ нь уран зохиолын төдийгүй түүхийн хувьд хаадын угсаа залгамжлалд нөлөөлөх үнэ цэнэтэй үг байсан юм. Тиймээс уг шүлгийн түүхэн үнэт шинжийг тодруулах нь зүйтэй билээ.

ХҮДЭЙ СЭЦЭН БЭЭР ЭНЭ ШҮЛГЭЭ ХЭЗЭЭ ХЭЛСЭН БЭ?

Түүхийн судалгаанаас үзэхэд хоёр үндсэн санал байна.
1.      Ч.Далай “Монголын түүх Хамаг Монгол улс (1101-1206)” номынхоо 51-р талд: “Энэ бол Хотулаг хаан суух ёслол дээр Амбагайн хөвгүүд хэл ам гаргасантай холбогдуулан өтөг өвгөн Хүдэй сэцэн сургамжлан хэлсэн бололтой байна.[4] гэжээ.
2.      Ч.Хишигтогтох “Судрын чуулган дахь энэ бүх тэмдэглэл нь Хүдэй сэцэн энэхүү сургаал шүлгээ Хамаг Монголын хаан Хотулыг сонгох тэр хуралдаан дээр хэлсэн биш, харин тайчууд аймгийн хан эзнээ сонгох гэж олонтаа хуралдаж өнгөрсөн хуралдаануудын нэгэн дээр хэлсэн гэдэг нь тодорхойлж өгч байна”[5] гэжээ.
Рашид-Ад-диний “Судрын чуулганд” энэ үйл явдалтай төстэй өгүүлэмж бүхий хэсэг бий бөгөөд үүнийг уг шүлэгтэй харьцуулан үзэж, зарим мэдээг тодруулах боломжтой мэт санагдана.  “Тэрбээр (Хадаан тайж Г.Б) өвдөж байгаад хавар нь өөд болжээ. Тэр жилийнхээ намрын нэгэн өдөр эзэнтнээ сонгохоор хуран цугларчээ. Урьд энэ аймгийн ахлагч бөгөөд зонхилогч агсан Хадан тайжийн үеэл ах Түдүр билэгтэд /Түдүр билгэд/ хандаж “Эзэнтний эрхэм тушаалд хэн нь байвал зохимжтой бөгөөд таарна гэж чи бодож байна” гэхэд тэрбээр “Таргудай Хэрэлтүг л хэлэг!”гэв. Тэр бас түүний үеэл ах нарын нэгэн адил Адал ханы хөвгүүн шүү дээ. Тэр бас л “Би юу гэх вэ?” Матухан /Матукун/ сэцэн л хэлэг” гэв. Матукун сэцэн өгүүлрүүн: “Би юу гэж хэлэх вэ?” хөлөө урхинд хийчихгүйн тулд би болжмор шиг дэгдэхгүй. Алтан хараацай нисч нарс модон дээр гарчихаад урхинд орж өгөхгүй. би бол өчүүхэн харц болохоор үг хэлээр ямар эрхтэй сэн билээ…? Эзэнтэн та бүгд л цэцэн билгийнхээ сайхан үгсийг айлдацгаах болтугай. тэгвэл хоёр эх хөхдөг тэлүү унага тарган бөгөөд цатгалан байдаг шиг өчүүхэн харц /карачу/ бид эс нэгдвээс дотоодын аливаа хямрал хагарал, салан задгай байдал төрийн чинь хэрэгт нэвтрэх замаа олно” гэв. Ингээд энэ талаар ба шүлэглэн ярих зүйр цэцэн үг хэлэх, сургаал даалгавар зэргийг холин урсгаж байгаад уйлж хурлаасаа гарч одлоо.[6] гэжээ.
Судлаач Ч.Хишигтогтох бээр: Хянан үзвээс, энэ хуралдаан нь яг Хүдэй сэцэний шүлгээ шүлэглэсэн хуралдаан мөн бөгөөд дурдагдан бүхий Мэтүхэн сэцэн нь яг Хүдэй сэцэн мөн. Мэтүхэн сэцэний хэллээ гэдэг тэдгээр “толгой холбосон олон өтгөс үг, сэцэн үг, билиг сургаалиуд” нь яг Хүдэй сэцэний энэхүү сургаал шүлэг мөн бололтой байна.[7] гэсэн бол Ж.Гэрэлбадрах “Амбагай Хотулыг хаан болгохоор захисан уу?” өгүүлэлдээ: Судлаач Ч.Хишигтогтох уг зөвлөгөөн дээр үг хэлсэн Матухан сэцнийг “Лу Алтан товчид” нэр гардаг Хүдэй сэцэнтэй адилтгасан нь нотолгоо муутай болжээ. Учир нь Хотулыг хаан болсны хойно Хадаан тайж нас барсан билээ[8] гэсэн байна. Хотулыг хаан болсны дараа Хадаан тайж өөд болсон нь үнэн боловч Рашид-ад-Диний “Судрын чуулганы” дээрхи баримт нь Хүдэй сэцэний шүлгийн утга санаатай яв цав тохирч байгаа бөгөөд цаашилбал  шүлгийн хэлзүйг ажиглахад Амбагай хааны хүүхдүүдэд хандсан байдалтай байгаа тул  уг шүлгийг Тайчуудын ахлагчийг сонгох хуралдаан дээр хэлсэн, мөн “Лу Алтан товчид” гардаг Хүдэй бол “Судрын чуулганы” Матухан(Мэтүхэн Г.Б) сэцэн мөн гэсэн Ч.Хишигтогтохын санал үнэний магадлалтай юм. Хаад ноёдын хуралдай дээр энэхүү яруу сонсголонт шүлгийг өгүүлсэн билиг авьяас төгөлдөр Хүдэй сэцэн гэж хэн байв? Шүлгийн эхний хэсэг буюу Хүдэй сэцэн бээр Амбагай хааны хөвгүүдэд хандан хэлсэн шүлэгт:
Та, Амагай хааны арван хөвгүүн сонс
Адаргат уулыг авлам та (та нар)
Аргаль угалзыг алам та (та нар)
Аргаль угалзын махыг хувилан хуваахуйгаас улам
Алалдан тэсгэлдэн хагацам та (та нар)…
хэмээснийг ажиглахад бусдыг хүндэтгэн дуудахад хэрэглэх хоёрдугаар биеийн төлөөний үг[9]ээр хандлагаа илэрхийлсэн бол, шүлгийн хоёрдугаар хэсэг буюу Хабул хааны хөвгүүдийн байдлыг өгүүлэхдээ:
Тэр Хабул хааны долоон хөвгүүдийн ая явдал нь ийм буюу.
Гурвихан газрыг авлам тэд
Гулирайхан янзагыг алам тэд
Гулирайхан янзаганы махыг хувилан хувааж авахдаа
Хуримлалдан тахилдья хэмээгээд
Хутагт буянт болтугай хэмээж тархалдам тэд…
хэмээснийг ажиглахад хол байгаа юмыг бусдын зүг зааж хэлэлцэхэд хэрэглэх үг[10]ээр мөн хандлагаа илэрхийлсэнийг дээрхтэй харьцуулан үзвэл Хүдэй сэцэн нь Хабул хааны хөвгүүдийн зан төрх, байр байдлыг нь сайтар мэддэг байсан ба Амбагай хааны хөвгүүдтэй тэднээс ч илүү ойр дотно байж сургаал үгсээ хэлдэг байжээ.  Мөн Тайчуудын хан сонгох хуралдаан дээр сургаал үгээ хэлснийг нь санахад энэ аймагт нэлээд хүндтэй байр эзлэх хүн байв. Гэхдээ энэ нь Тайчууд аймгийн хүн гэсэн үг хараахан биш юм. Учир нь олон оймс элээж их юм үзсэн өвгөдүүд Уриад аймгийн Кукдая Матукуна /Матухун/ (Мэтүхэн Г.Б), Хөхдэй Төмөр Юраки нарын зэрэг хүмүүс тэднийг хичнээн ятган сэнхрүүлсэн ч огт үгийг нь авсангүй ажээ.[11] Үүнээс Хүдэй сэцэн бол Тайчууд болон Хиад аймгийнх бус Уриад аймгийн хүмүүн болох нь тодорхой харагдах бөгөөд бүхий л аймагт сэцэн билгүүнээрээ хүндлэгдсэн шүлэгч байжээ.
Ямартай ч Амбагай хааныг нас нөгчисний хойно Хотул Хамаг Монгол улсын хаан болсон бөгөөд Тайчууд аймгийн удирдагчийг сонгох хуралдаан удаа дараа хэрүүл маргаан төдий зүйл болоход Хүдэй сэцэн бээр энэхүү шүлгээ хэлсэн нь бодит үнэн билээ.

II. ШҮЛГИЙН ХОЛБОЦ, УРАН САЙХАН, УЛАМЖЛАЛЫН ТУХАЙД

Дурдан буй шүлгийг Лувсанданзаны “алтан товчийн” эхээс галиглан үзвэл: [...lat 11b] kudei secen [1] ogulerun. ta amaqai [2] qagan-i [3] arban kobegun sonus adarq-a-tu [4] agula-yi abalam ta. argali uguljin-i alam ta. argali ugulja-yin miqan-i qubilan qubiyaqui-aca ulam. alaldun teskildun qagacam ta budang-tu agula-yi abalam ta. bugu sogu alam ta. bugu-yin miq-a-yi qubilan qubiyaqui-aca ulam, butaraldun teskildun qagacam ta cilagu-tu colu-i abalam ta. cikitei jigeren-i [5] alam ta. cikitei jigeri-yin miq-a-yi qubilan qubiyaqui-aca ulam cabcilaldun gobsileldun qagacam ta. tere qabul qagan-u [6] dolugan kobegud-un [7]. ay-a yabudal inu eyimu buyu gurbiqan gajar-i abalam tede. gularayiqan injagan-i alam tede, gularayiqan injagan-iyan miq-a-yi qubilan [lat 12a] qubiyaju abqui-tagan, qurimlaldun takilduy-a kemeged. qutug-tu buyan-tu boltugai kemeju tarqaldum tede kudetu [8] agula-yi abalam tede, kuderi gorugesun-i alam tede. kuderi gorugesun(-iyen) miq-a-yi qubilan qubiyaju abqui-tagan kunduleldun dayilalduy-a kemeju, kuseku metu sayiqan uge-ben ogulelduged tarqaldum tede dabalg-a-tu goul-i abalam tede. taulai kirgugul-i alam tede, taulai kirgugul-iyan miq-a-yi qubilan qubiyaju abqui-tagan, takildun kundulelduy-e kemeju, tagalalduqui metu sayiqan uge-ben ogulelduged tarqaldum tede ta amaqai qagan-u dolugan kobegud, aburi jang tan-u magui, aqu albatu qaracus bolqu ta, tede qabul qagan-u dolugan kobegud, ey-e ebtei-yin kucun-tur, qamug-un qagan ulus-un ejen bolumui j-a, ta namayi magu otege [9] ebugen-i kelebe geju buu ayimas [10] (kilingle). ta aq-a-nar deguu-ner amuralaldan sayiqan yabugtun kemen ogulegsen ajugu[12]
…(Хүдэй сэцэн өгүүлрүүн:
Та, Амагай хааны арван хөвгүүн сонс
Адаргат уулыг авлам та (та нар)
Аргаль угалзыг алам та (та нар)
Аргаль угалзын махыг хувилан хуваахуйгаас улам
Алалдан тэсгэлдэн хагацам та (та нар).
Будант уулыг авлам та (та нар)
Буга согоо алам та (та нар)
Бугын махыг хувилан хуваахуйгаас улам
Бутралдан тэсгэлдэн хагацам та (та нар).
Чулуут цөлийг авлам та (та нар)
Чихтэй зээрийг алам та (та нар)
Чихтэй зээрийн махыг хувилан хуваахуйгаас улам
Цавчилалдан гөвшилөлдөн хагацам та (та нар)
Тэр Хабул хааны долоон хөвгүүдийн ая явдал нь ийм буюу.
Гурвихан газрыг авлам тэд
Гулирайхан янзагыг алам тэд
Гулирайхан янзаганы махыг хувилан хувааж авахдаа
Хуримлалдан тахилдья хэмээгээд
Хутагт буянт болтугай хэмээж тархалдам тэд.
Хүдэт (хүдэнт) уулыг авлам тэд
Хүдэр гөрөөсийг алам тэд
Хүдэр гөрөөсний махыг хувилан хувааж авахдаа
Хуримлалдан тахилдья хэмээгээд
Хутагт буянт болтугай хэмээж тархалдам тэд.
Давалгаат голыг авлам тэд
Туулай хяргуулыг алам тэд
Туулай хяргуулын махыг хувилан хувааж авахдаа
Тахилдан хүндлэлдье хэмээж
Таалалдахуй мэт сайхан үгээ өгүүлэлдээд
Тархалдам тэд
Та (та нар)
Амагай хааны арван хөвгүүд
Авир зан тань муу
Аху албат харцас болох та.
Тэд Хабул хааны долоон хөвгүүд
Эв эетэйн хүчинд
Хамгийн хаан улсын эзэн болмуй за.
Та (та нар) намайг муу өтөг өвгөнийг хэлэв гэж бүү аймс (хилэгнэ)
Та ах нар дүү нар амралдан сайхан явагтун та хэмээн өгүүлсэн ажгуу)

ШҮЛГИЙН БҮТЭЦ, ЗОХИОМЖИЙГ АЖИГЛАХАД:
1.      НЭРИЙН ШИНЖ БАЙДЛЫН ЗҮЙЛ- Адаргат, Будант, Чулуут, Гурвихан, Хүдэт, Давалгаат
2.      АМЬТНЫ ЗҮЙЛ- Аргал угалз, Буга согоо, Чихтэй гөрөөс, Гулирайхан янзага, Хүдэр гөрөөс, Туулай хяргуул (энд холбоо үгээр нь авав)
3.      ХҮНИЙ ЗҮЙЛ- Амбагай хааны арван хөвүүн, Хабул хааны долоон хөвүүн
4.      ҮЙЛИЙН ШИНЖ БАЙДЛЫН ЗҮЙЛ- Алалдан тэмцэлд-, Бутралдан тэсгэлд-, Цавчилалдан гөвшилөлд-, Хуримлалдан тахилд-, Тахилдан хүндлэлд- гэхчилэн хувааж үзэж болохоор байна.
Үүнийг цаашлуулан гүнзгийрүүлж шалтгаан, нөхцөл, орон зай, цаг хугацаа, оршихуйн талаас нь ч зүсэн гүн утгыг ангилж тайлбарлаж болно. Учир нь  ертөнцийн дүр зураг хязгааргүй. Түүнийг ангилан үзсэн нь нэн ч олон. Үүнтэй холбогдуулан ертөнцийн дүр зураг, хэл сэтгэхүйн талаар цухас дурдвал, ертөнцийн түг түмэн юмс үзэгдэл нь хүний мэдрэлд болзошгүй мэдрэгдэх боломжтой боловч хүн хүний мэдрэл, түүнийг өөр өөрийн бололцооны хирээр болзож мэдэрдэг. Өөрөөр хэлбэл хязгаар хярхаггүй ертөнцийг хүн хүн өөрийнхөө савны хирээр хязгаарлан тусгаж авдаг. Ийнхүү гадаад ертөнцийн дүр зураг бидний тархинаа туссаныг ухамсар гэнэ. Ахуй, ухамсар хоёр нь нэг талаар адил боловч нөгөө талаар өөр бөгөөд ахуй нь анхдагч, ухамсар нь хоёрдогч боловч ухамсар нь анхдагч, ахуй нь хоёрдогч болдог. А.Н.Леонтьевийн тэмдэглэснээр ухамсар нь ертөнцийг бүтээх ажээ. Тэгэхээр Хүдэй сэцэний танин мэдэхүй бол тухайн хувь бодгалын бүтээсэн ертөнц байх нь ээ. Хайдеггэр ертөнцийн дүр зураг нь тусгал бус харин зураг шиг ухагдах ертөнц гэж зүгээр нэг хэлсэнгүй ажээ.Тал нутгийн нүүдэлчин Монголчуудын ертөнцийг хардаг хараа, мэдэрдэг мэдрэмж давтагдашгүй нэгэн ертөнц юм. Тэрхүү давтагдашгүйн мөн чанар шүлэг яруу найрагтаа ийн буудаг байна. Нүүдэлчид анд морддог. Тэд ангийн олзоо хамгаас илүүд үзэх нь бий. Олзоо алдах нь амиа алдсантай агаар нэгэн. Тиймээс ангийн олзоо хадгална, хамгаална, харамлана. Амбагай хааны хөвүүд хагаралдан бутарч байхад Хабул хааны хөвүүд харин эсрэгээрээ эвлэн нэгдэж байна. Хүний зан араншингийн уугуул шинж чанар хоол ундаа идэж уух дээрээ илүү их илэрдэг гэж сэтгэлзүйчид хэлдэгтэй ч энэ холбоотой байж болно.
Өнөө цагийн уран зохиолын онолын ойлголтод хэдийгээр шүлгийн тогтсон хэв загварыг судлахыг урьдал болгохоо байсан ч уг шүлгийн зарим онцлогийг тодруулахад түүхэн болон сэтгэлгээний хэв маягийн үүднээс монгол шүлгийн хэв загвартай хэрхэн яажшуухан авцалдаж ижилсэж буйг сонирхон үзвэл, арван гуравдугаар зууны сүүл үеэс уламжлан ирсэн дөрвөн мөрт шүлэгт толгой холбох зарчмыг хатуу баримталж ирсэн нь илт байна. Энэхүү толгой холбох зарчим нь дөрвөн мөрөөр таслагдсан дөрвөн цэгээр тусгаарлагдсан нэгэн шүлгийн доторхи өвөрмөц үзэгдэл юм… Бидний үед уламжлан ирсэн Чойжи-Одсэрийн шүлгийн толгой холболтыг ажиглахад голцуу дөрвөн мөрний эхний нэг юмуу хоёр үеийг ижилсгэн холбохыг хичээсэн байна. Жишээ нь Банзрагчийн төгсгөлийн шүлэгт байгаа
Сайтур дэлгэрэгсэн алтан лингху-а-йинн билгэ 
Сагар үгэн энэ калаб-дур минган тогатай.            
Сайнбар одугсан бурхан нугуд төрүкү хэмэн      
Сайин калаб сайин калаб кэмэн жарлалдужухуй
гэсэн бадгийг авч үзэхэд дөрвөн мөрний эхний дан дан үеийг са-гаар холбож, дараах үеийг йи авиагаар холбохыг хичээсэн нь илт байна… Энэ бол шүлэгчийн холбон найруулах их чадал эрдмийг харуулж байгаа хэрэг юм.[13]     Монгол шүлгийн онол түүхэнд хос мөрөөр шүлэглэдэг уламжлал байдаг хэдий ч дөрвөн мөрт шүлгийг зөвхөн XIII зуунаас хойш улбаатай гэж үзэх нь эргэлзээтэй юм. XII зуун, түүнээс ч өмнө дөрвөн мөрөөр толгой холбодог зарчим байсныг Хүдэй сэцэний шүлгийн бүтэц нотлох ажээ.
…Аргал угалзыг алам та
Аргал угалзын махыг хувилан хуваахуйгаас улам…
…Буга согоо алам та
Бугын махыг хувилан хуваахуйгаас улам
…Чихтэй зээрийг алам тад
Чихтэй зээрийн махыг хувилан хуваахуйгаас улам
хэмээн бэлчирлүүлэн давтаж утгыг гүнзгийрүүлэн дүрслэсэн ба энэ нь монгол уран зохиолын шүлгийн туурвил зүйн нэгэн өвөрмөц арга байсны илрэл юм. Мөн уг шүлэгтэй  хэлбэрийн талаар уламжлалын холбоотой олон шүлгүүд хожим нь гарсныг ч энд тэмлэглэх нь зүйтэй болов уу. Монголын уран зохиолын үнэт өв болохуйц энэ мэт дурсгалыг эх зохиолоос нь сэргээн гаргаж, утга уран сайхан хийгээд бүтэц, сэтгэлгээний ур маягийн онцлог, түүхэн үндсийн талыг нь хамтатган судалж ялгаа заагийг нь олж тайлбарлах явдал нэн чухал болжээ. Үүний нэгэн тодхон жишээ бол Хүдэй сэцэний шүлэг бөгөөд монгол уран зохиолын түүхийг XIII зуунаас хойш эхэлсэн байдлаар судлаж ирсэн хандлагыг өөрчлөх, ерөөс үг хэлийг үндсэн зэмсэг болгон ашигладаг уран зохиолын үүсэл гарлын асуудалд хатуу зааг хязгаар тавьж болдоггүйг сануулна.
Хамаг Монголын үеийн яруу найрагч Хүдэй сэцэн бол Монголын түүх сурвалжид нэр мэдэгдэж буй хамгийн анхны яруу найрагч бөгөөд түүний хэлсэн  шүлэг нь бүтэц зохион байгуулалт, уран сайхны онцлогийн хувьд давтагдашгүй үнэт зүйл болно.

Г.Баттогтох [МУИС-ийн МХСС-ийн докторант]

[1] Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Залуу судлаачдын хурал”-д тавьсан илтгэл
[2] kesigtogtaqu.  monggol-un erten-u udq-a jokiyal-un sudulul. o. mo. su. ku. qo. 1988, 277-278
[3] Дулам С. Монголын сонгодог яруу найргийн уламжлал. Poetry purifying tne soul Яруу найраг сэтгэлийг ариусгахуй. Ulaanbaatar, Mongolia., 2006, 200
[4] Далай Ч.  Монголын түүх. Хамаг Монгол улс, тэргүүн дэвтэр, Ред А.Очир, УБ., 1996, 51
[5] kesigtogtaqu.  monggol-un erten-u udq-a jokiyal-un sudulul. o. mo. su. ku. qo. 1988., 294-295
[6] Рашид ад Дин. Судрын чуулган. I боть, I дэвтэр, Орос хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэн Ц.Сүрэнхорлоо, УБ., 2002, 195-196
[7] kesigtogtaqu.  monggol-un erten-u udq-a jokiyal-un sudulul. o. mo. su. ku. qo. 1988, 272
[8] Гэрэлбадрах Ж. Амбагай Хотулыг хаан болгохоор захисан уу?. ACTA MONGOLICA. Tom. 4 (236), 189
[9] Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. УБ., 1963, 508
[10] Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. УБ., 1963, 573
[11] Рашид ад Дин. Судрын чуулган. I боть, Орос хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэн Ц.Сүрэнхорлоо, УБ., 2002, 139
[12] Erten-u qad-un undusulegsen toru yosun-u jokiyal-i tobcilan quriyagsan altan tobci  kemeku orosibai, Оршил бичиж,  хэвлэлд бэлтгэсэн Ш.Бира, Улаанбаатар, 1990, 11b-12a
[13] Цэрэнсодном Д. Монгол шүлгийн онол түүхийн зарим асуудал. Редактор Л.Түдэв, УХГ., УБ, 1977

No comments:

Post a Comment