Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам |
МУИС-ийн МХСС-ийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламтай ярилцлаа.
Сайхан хаваржиж байна уу, та? Тэр нэг жил Францын “Мянган найрагчийн шугуй”-д мод тарьсан анхны Монгол хүмүүс нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай та хоёр байсан гэдэг. Хаврын ийм сайхан өдөр ярилцлагаа энэ дурсамжаас эхэлмээр санагдлаа.
Ажлын далимаар франц зохиолчидтой уулзах үед тэр хэд маань зохион байгуулаад “Мянган найрагчийн шугуй”-даа мод тариулж байлаа. Тэнд зөвхөн мод тариад зогсохгүй, Францын болоод олон улсын яруу найрагчид шүлэг найргаараа мялааж, тэдэнд гэрчилгээ олгодог юм. Францын төв цэг болсон Весдэн хотод уг шугуй бий.
Таны шүлэг, найргийг уншиж байхад Франц орон, тэр дундаа Парис хот танд их онцгой сэтгэгдэл төрүүлсэн шиг санагддаг?
Социализм ид хүчтэй байхад Франц руу явсан. Тэнд би Монгол хэл, соёлоо заах үүрэгтэй ч далд нэг хичээнгүйлэл байсан нь энэ орны соёл иргэншилтэй чадлынхаа хэрээр танилцах. Би далдыг хардаг Далай лам биш болохоор Монгол орон эргээд ийм эрх чөлөөтэй болчихно гэж тухайн үед итгээгүй хэрэг. Тиймээс завтай өдрөө хагас, бүтэн сайныг ер алгасахгүй хүүхдүүдээ дагуулаад, “Michelin green guide”-аа бариад л аялдаг байлаа. Уг номд Францын сонирхолтой газруудыг таван хошуугаар зэрэглэсэн байдаг. Энэ бол цэвэр өрнийн соёл иргэншлийн өлгий газартай танилцах, өрнөдийн ертөнц гэж юу юм бэ гэдгийг таньж мэдэх эрмэлзэл байсан. Тэр үеэс л яахаараа манай орон заавал нэг намтай байдаг юм, эдэн шиг яагаад ийм олон янзын намтай, болох болохгүйгээ харилцан яриад, үнэн зөвийг нь тунгааж болдоггүй юм бэ гэдэг бодол аяндаа орж ирсэн. Тэр цагийн, муу үгээр хэлбэл хөрөнгөтний нөлөө, нөгөө талаас нь харвал нүдний цагираг тэлж байгаа хэрэг. Хамгийн гол нь яруу найрагч хүнийхээ хувьд Францын яруу найраг надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Францын яруу найраг дотроо орчин цагийн модернист найрагчдын эцэг гэгддэг Шарль Бодлер, араас нь Артур Рембо, Гийом Аполлинер нарын шүлгийг эх хэлээр нь унших ер бишийн завшаан оногдсон. Энэ бүхэн мэдээж миний яруу найрагт нөлөөлсөн. Франц явахаас өмнө бичиж байсан шүлгүүд, тэнд байхдаа бичсэн шүлгүүдийг хүмүүс их тодорхой ялгаж хэлдэг юм.